Нийслэл сургууль, цэцэрлэгийг ариутгалын тоног төхөөрөмжөөр хангахад 9.8 тэрбум төгрөг зарцуулна

2026-04-21 14:011min
20260421-140157-file.jpeg
Нийслэл хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх 3-4 жилийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж, энэ жил сургууль, цэцэрлэгийг ариутгалын тоног төхөөрөмжөөр хангахад 9.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл болон умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ сараас эхлэн 3-4 жилийн хугацаанд хэрэгжих хеликобактерийн халдвараас сэргийлэх хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон гэв.

Эхний шатанд улсын болон хувийн сургууль, цэцэрлэгүүдэд очиж шинжилгээ авах бөгөөд дараа нь НЭМГ-тай хамтран халдварын эмчилгээг эхлүүлэх юм.

Мөн сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал хийх ажлыг зохион байгуулах бөгөөд энэ жил нийслэлээс 9.8 тэрбум төгрөг зарцуулж, аяга таваг угаагч болон ариутгагчаар хангахаар төлөвлөжээ.

Хувийн сургууль, цэцэрлэгүүдэд ариутгалын стандартыг мөрдүүлэх чиглэлээр шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулна.

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалтын ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод оршин суудаг бүх хүүхдийг хеликобактерийн халдварын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах юм.

Цаашид энэ асуудлыг үндсэндээ шийдвэрлэж, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллахыг зорьж байгааг А.Амартүвшин онцлов.