Болгарын нийслэл Софи хотод өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4-нд болж буй чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.
Тэрээр өчигдөр тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, хагас шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр ялагдсан.
Дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж 6:6-гаар ялснаар чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий түүхэнд Монгол бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна.
Тэрбээр сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бөгөөд энэ удаа даагаа амжилттай нэхлээ.
М.Мөнхгэрэл нь чөлөөт бөхийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон “Асашёорюү Кап” өсвөрийн ОУТ-ий аварга бөгөөд нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч юм.