Боловсролын газраас сургалтын байгууллагуудад удирдлага, аюулгүй байдлын чиглэл хүргүүлэв

Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага нарт чиглэл хүргүүлжээ.
Чиглэлд Боловсролын сайдын 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 4.3, 4.5, 4.7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарахыг үүрэг болгосон байна.
Үүнээс гадна үе тэнгийн дээрэлхлийн гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй сувгийг тогтмол ажиллуулж, мэдээлэл өгсөн хүүхэд болон иргэний нууцыг хадгалах, дээрэлхэлд өртсөн хүүхдэд “Хүүхэд хамгааллын шуурхай тусламж” үйлчилгээ үзүүлэхийг даалгажээ.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын өөрийн үнэлгээг хийж, суралцагчид эрсдэл учруулах аливаа нөхцлийг арилгах, багш, суралцагчдыг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Мөн суралцагчдыг ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, төлбөртэй давтлагад хамрагдахыг хүчээр тулгахгүй байхыг багш нарт зөвлөхийг онцолсон байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн санаачилга, “Эцэг эхийн зөвлөл” зохион байгуулж буй нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах, мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтнууд бэлэг сэлт авах зэрэг ёс зүйн зөрчлийг таслан зогсоохыг үүрэг болгожээ.
Зуслан, жуулчны бааз, зочид буудал, амралт, цэнгээний газруудаар байгууллага, хамт олны зугаалга зохион байгуулж, нийтээр архидан согтуурахыг хориглох, хүүхдийг мансууруулах бодис, архи, согтууруулах ундаа хэрэглэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг чиглэлд тусгасан байна.
Суралцагчийн ялгаатай байдал, амьдралын нөхцөлд тохирсон сургалт, үйл ажиллагааг төлөвлөх, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгаварлал, суралцагч хоорондын харьцуулалтыг үүсгэхгүй байхыг анхааруулжээ.
Түүнчлэн суралцагч бүр өөрийн сурсан мэдсэнээ багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд тайлагнах байдлаар хичээлийн жилийн төгсгөлийн үйл ажиллагааг шинэлэг байдлаар зохион байгуулахыг дэмжсэн байна.
Багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой суралцагч бүрийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарахыг онцолсон байна.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн ахиц, хандлага төлөвшлийн талаарх мэдээллийг тогтмол хүргэхийг үүрэг болгожээ.
Мөн багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүмүүжлийн эерэг аргыг таниулах, суралцагчийн цахим орчин дахь аюулгүй хэрэглээг ойлгуулах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийг зөвлөсөн байна.
Суралцагчдад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварыг эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахыг даалгажээ.
Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахыг мөн чиглэлд тусгасан байна.
Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой аливаа арга хэмжээнд баталгаагүй газраас хоол хүнсний бүтээгдэхүүн авч суралцагчийг эрсдэлд оруулахгүй байх, хэт боловсруулсан болон шим тэжээлийн агууламж багатай бүтээгдэхүүнийг хүүхдэд сонгохгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зөвлөмж өгчээ.
