Улаанбаатар хотод эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг болно

Улаанбаатар хотын төв талбайд 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ.
Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийхээс гадна халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг танилцуулах, бие бялдрын үнэлгээ хийх, дасгал хөдөлгөөн, хооллолт болон амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх юм.
Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож, үзлэг, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өглөөний 08:30-аас оройн 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.
