Замын цагдаагийн албан тушаалтан хахууль авсан хэрэгт холбогдсон нь мөрдөн байцаалтад буцлаа

2026-04-17 21:301min
20260417-213027-file.jpeg
Замын цагдаагийн албан тушаалтан О.Наранбаяр хахууль авсан хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял оноосон ч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа.

Замын цагдаагийн газрын албан тушаалтан О.Наранбаяр албан үүргээ гүйцэтгэж байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан эрхгүй хүн машин жолоодсон Л.Бат-Ундралыг илрүүлжээ. Тэрээр түр саатуулах, Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах ёстой байсан ч Л.Бат-Ундралаас 100,000 төгрөгийн хахууль авч, явуулсан байна. Энэ үйлдэл нь илэрч, О.Наранбаяр хахууль авсан, Л.Бат-Ундрал 100,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон байна. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх О.Наранбаярыг нийтийн албан тушаалтан байж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жил хорих ял оноосон байна. Л.Бат-Ундралд албаны чиг үүрэгтэй холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт буруутай гэж үзэн, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгожээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх яллагдагчдын ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох баримтаар бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн, О.Наранбаяр ам бүл гурван хүний хамт амьдардаг, цагдан хоригдож байгаа учир үр хүүхдээ асран хамгаалах үүрэг нь хязгаарлагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

АТГ уг хэрэгт дахин шалгалт хийхдээ О.Наранбаярын гэр бүлийн байдал, хүүхдийн эрхийн асуудлыг судалж, холбогдох баримтыг хавсарган, хүүхдийн асуудлыг шийдвэрлэх саналаа гаргах шаардлагатай болжээ.