Л.Бямбасүрэн нарт холбогдох авлигын хэргийг шүүх шийдвэрлэлээ

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2024 оны 6 дугаар сарын 14-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн болон түүний хамтран оролцогчдод холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Л.Бямбасүрэн нь 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар, 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилогдож байсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдсан юм. Түүнтэй хамтран шалгагдсан Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг мөн хэргээр шалгасан байна.
Тэднийг нийтийн албан тушаалтан хахууль авах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст энэ сарын 13, 14-нд болжээ.
Шүүхийн шийдвэрээр Л.Бямбасүрэн болон бусад 3 хүнийг нийт 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзэж, 6-13 жилийн хорих ял оноосон байна. Л.Бямбасүрэн 48 сая төгрөгийг ажилтны дансаар авсан нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх тогтоож, түүнд 13 жилийн хорих ял оноосон юм.
Мөн шүүх нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөгийг улсын төсөвт гаргуулан оруулахаар шийдвэрлэлээ.
