Монгол баг Европын охидын математикийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв

2026-04-14 19:301min
20260414-193021-file.jpeg
Монгол Улсын баг Европын охидын XV математикийн олимпиадад амжилттай оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртэн 65 орны дунд 13 дугаар байрт шалгарлаа.

Европын охидын XV математикийн олимпиад өндөрлөж, Монгол Улсын баг амжилттай оролцлоо. Монгол баг нийт 65 оролцогч орноос 13 дугаар байрт шалгарч, хоёр мөнгө, нэг хүрэл медаль болон нэг тусгай байрын шагнал хүртсэн талаар Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв.

Мөнгөн медаль хүртсэн тамирчид нь Төрмөнхийн Жавхланзаяа (Баянхонгор аймаг, Төгс Алгоритм сургууль) болон Мөнхбаярын Амин-Эрдэнэ (Шинэ Эрин сургууль) юм. Хүрэл медалийг Алтангэрэлийн Ану (Нийслэлийн Ерөнхий Боловсролын 11 дүгээр сургууль) хүртжээ.

Тусгай байрын шагналыг Наранбаатарын Болор (Эрдмийн хишиг сургууль) авсан байна. Монгол Улсын багийн ахлагчаар Т.Хулан, дэд ахлагчаар С.Цогзолмаа, туслах багшаар Б.Батбаясгалан нар ажилласан юм.