“Тамгагүй төр” жүжиг Бродвейд тоглогдохоор боллоо

Монголын сонгодог тайзны бүтээл “Mongol Khan” буюу Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг дэлхийн театрын төв цэг болох Нью-Йоркийн Бродвейд тоглогдохоор болжээ. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд дэлхийн тэргүүлэх продюсинг групп Nederlander Organization-ийн удирдлагууд энэ жил Монголд айлчлах төлөвлөгөөтэй байна.
Хоёр талын продюсерийн баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь Монголын театрын урлагийг дэлхийн зах зээлд шинэ шатанд гаргах боломжийг нээсэн гэж үзэж байна. Nederlander Organization нь “The Lion King”, “Hamilton”, “Wicked” зэрэг дэлхийн алдартай бүтээлүүдийг продюсерлэж, Бродвейн 41 театраас есийг эзэмшдэг, дэлхийд 30 гаруй театртай томоохон продюсинг групп юм.
Тус компанийн ерөнхий захирал Боб Недерландер “Монгол хаан” жүжгийн Америк дахь ерөнхий продюсераар ажиллах бөгөөд ерөнхий менежерээр Диснейн амжилттай бүтээлүүд дээр ажиллаж байсан Дон Франц томилогдохоор байна.
“Mongol Khan” жүжиг нь 2000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн түүхийг өгүүлж, Төв Азийн өв соёл, удирдагчдын манлайлал, эр зоригийг дэлхийн үзэгчдэд хүргэж буй онцлогтой. Энэ бүтээл нь Монголын соёлын өвийг орчин үеийн тайзны хэлээр дэлхийд таниулж буй бүтээл гэж үнэлэгдэж байна.
Жүжиг 2023 онд Лондон хотын Колизеум театрт анхны олон улсын тоглолтоо хийж, нэг сарын хугацаанд 40 мянган үзэгчдэд хүрсэн бол 2024 онд Сингапурын Marina Bay Sands-д Азийн нээлтээ хийжээ. Мөн Япон улсад аялан тоглолтоо амжилттай зохион байгуулж, энэ онд Mariinsky Theatre-ийн тайзнаа тоглогдохоор товлогдсон байна.
Nederlander Organization-ийн удирдлагууд энэ оны долдугаар сард Үндэсний их баяр наадмын үеэр Монголд ирж, жүжгийг үзэн, Broadway-д тоглуулах бэлтгэл ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. АНУ дахь албан ёсны тоглолтын хуваарь 2027 оны эхний улиралд зарлагдах юм.
