2025 онд 2339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

2026-04-13 16:301min
20260413-163044-file.jpeg
2025 онд улсын хэмжээнд 2339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, хүүхдээс үйлдсэн 1135 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Цахим дээрэлхэлт болон үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

2025 онд улсын хэмжээнд 2339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, хүүхдээс үйлдсэн 1135 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.

Өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Үе тэнгийн дээрэлхэлт нь хэд хэдэн хүүхэд нийлж бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээр удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэгддэг.

Цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах тохиолдол гарч байна. Мөн насанд хүрсэн хүмүүс хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх нэрийдлээр сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох, дээрэлхэх гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг эхлүүлжээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 6-ны хооронд нөлөөллийн ажил зохион байгуулах юм.

Ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг таниулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн дээрэлхэлтийн сөрөг үзэгдэлд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх хандлага нэмэгдэж байна. Монгол Улсад интернет хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернет хэрэглэгч болсон бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөрт 3-5 цаг цахим орчинд өнгөрүүлж байна.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр”-өөс 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9-12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь ийм нөхцөлд орж байжээ. Хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглаж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг илэрхийлж байна. Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрдэг.

Энэ төрлийн дээрэлхэлт 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байна.

Судалгаагаар цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай тулгардаг. Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох эсвэл насанд хүрэгчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгах нь нэн тэргүүний зорилт болжээ.