2026 оны эхний улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар нэмэгджээ

2026-04-13 15:301min
20260413-153021-file.jpeg
2026 оны нэгдүгээр улиралд гадаадын иргэн, харьяатын газар 1579 гадаадын иргэнийг хамруулсан хяналт шалгалт хийж, 277 иргэнийг оршин суух зөвшөөрлийн зөрчилтэй холбоотойгоор албадан гаргасан байна.

2026 оны нэгдүгээр улиралд Гадаадын иргэн, харьяатын газар төлөвлөгөөт 15 болон төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтыг нийт 200 аж ахуйн нэгж, байгууллагад хийж, 1579 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Эдгээр шалгалтаар зөрчил гаргасан 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 11 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлжээ. Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан, Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, визийн хугацаа хэтэрсэн зэрэг үндэслэлээр нийт 277 гадаадын иргэнийг албадан гаргасан байна.

Эдгээр үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өссөн бол төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна. Зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 6.83 хувиар, албадан гаргасан иргэдийн тоо 28.84 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн ирсэн зорилго тодорхойгүй, зорчих зорилгод нийцээгүй ангиллын визтэй, визийн хүчинтэй хугацаа дууссан, тус улсад байх болон буцах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй зэрэг шалтгаанаар 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулахгүй буцаасан байна.