Дархан-Уулд нэг сая тонн ган үйлдвэрлэх цогцолбор барина

Засгийн газраас Дархан-Уул аймгийн Орхон суманд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барихаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд гангийн цогцолбор барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өгсөн бөгөөд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 650 га газрыг гангийн цогцолбор барих зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ.
Гангийн цогцолборыг барьж байгуулахад 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд сонирхогч талуудад Аж үйлдвэрийн яамнаас тодорхой мэдээлэл өгч байна.
Монгол Улс 2025 онд нэг сая тонн ган хэрэглэсэн бөгөөд 2030 он гэхэд энэ хэмжээ 1.7 сая тонн болж өсөх тооцоололтой байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувиар хангах боломж бүрдэх юм.
Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор цементийн өртөг хоёр дахин буурч, барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах ач холбогдолтой. Мөн 1700 орчим байнгын ажлын байр бий болох бөгөөд төслийн хөрөнгө оруулалтыг найман жилийн дотор нөхөх тооцоолол гарчээ.
