“Туул-1” коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна

2026-04-10 18:301min
20260410-183034-file.jpeg
“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир ус дамжуулах системийн ачааллыг бууруулахад чиглэсэн 32 км урт шинэ шугам бөгөөд угсралтын ажил 2025 онд дуусах төлөвтэй байна.

“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон коллектороор дамжуулдаг.

Одоогоор Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллектороор бохир ус дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх онцгой ач холбогдолтой шугам юм. Улаанбаатар хотын бохир ус дамжуулах систем ачааллаа даахаа больсон тул 2007 онд Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх “Туул-1” коллекторыг барих шийдвэр гаргасан.

Гэвч энэхүү төсөл олон жил хэрэгжээгүй байна. УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны намраас эхлүүлж, дулааны улирал харгалзахгүйгээр үргэлжлүүлж байна.

2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлт батлагдсаны дараа долоон бригад, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлыг хугацаанд нь гүйцэтгэж байна. Шинэ бохир усны шугам нь 1.5 метрийн диаметртэй бөгөөд Улаанбаатар хотод ашиглаж буй хамгийн өргөн шугам юм.

Энэхүү шугам нь Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлэн Төв цэвэрлэх байгууламж хүртэлх бохир усны ачааллыг хуваалцах үүрэгтэй бөгөөд ашиглалтад орсноор төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. “Туул-1” коллектор ашиглалтад орохгүй бол хотод шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл үүсэх юм.

Шугам нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлогтой.

“Туул-1” коллекторын трасс дагуу 79 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөнөөс өнөөдрийн байдлаар 25 нэгж талбар чөлөөлөгдсөн байна. 3, 4 дүгээр хэсгийн Ф1200-1500 мм-ийн голчтой шугамын угсралт хийгдээгүй 10.4 км хэсгийн ажлыг дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг төвлөрсөн системд холбох боломжтой болно.

Шугамын угсралтын ажлыг богино хугацаанд дуусгахаар энэ оны II, III улиралд газар чөлөөлөлтийг зохион байгуулж, иргэд, ААН, байгууллагуудыг ажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч, хамтран ажиллахыг уриалж байна.