Барилгын суурийн усыг Дунд гол руу нийлүүлсэн зөрчил илэрчээ
2026-04-09 10:301min

Нийслэлийн байгаль орчны байцаагчид иргэний гомдлын дагуу барилгын суурийн усыг Дунд гол руу нийлүүлсэн зөрчлийг илрүүлж, холбогдох хууль журмын дагуу шалгалт үргэлжилж байна.
Иргэнээс “Дунд гол руу тослох материал асгасан байж болзошгүй” гэсэн гомдол ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны байцаагч болон Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар газар дээр нь хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар нэр бүхий компани барилгын суурийн усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 80 м³/цаг хүчин чадалтай насос, 200 мм голчтой хоолой ашиглан усыг Дунд гол руу нийлүүлж байсныг тогтоов.
Тус компани нь ус ашиглах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл болон холбогдох гэрээгүй байсан зөрчил илэрсэн байна.
Хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчилд холбогдох хууль, журмын дагуу шалгаж, шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шалгалт үргэлжилж байна.
