Төв талбайд Монголын 30 орчим рестораны тогооч нар ази, европ хоол танилцуулна

Улаанбаатар хотын төв талбайд урлаг, соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өчигдөр төв талбайд даамын тэмцээн болсон бөгөөд энэ сарын хугацаанд хоолны өдөрлөг, цирк, ширээний теннис, “playtime pre event” урлагийн арга хэмжээ болон зарим яамны нээлттэй хаалганы өдөрлөгүүд зохион байгуулагдах төлөвтэй байна гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс мэдээлэв.
Иргэдийн сонирхлыг ихээр татдаг хоолны өдөрлөгийг өнгөрсөн жил Узбекистаны тогооч нар оролцож, төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай асарт 5,000 төгрөгийн үнэтэй пловыг амталсан юм.
Энэ жил төв талбайд зохион байгуулагдах хоолны өдөрлөгт Монголын ресторан, зоогийн холбооны гишүүн 30 орчим ресторан оролцож, хятад, солонгос, япон зэрэг азийн болон мексик, европ хоолыг танилцуулах төлөвтэй байна гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлэв.
Мөн ресторануудын тогооч нарын хоолны төрөл, үнэ тарифыг удахгүй тодорхой болгох аж.
Төв талбайд жил бүр зохион байгуулагддаг эдгээр арга хэмжээнд нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт гардаг бөгөөд өнгөрсөн жил долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан байна.
