УИХ-ын Ёс зүйн дэд хороо М.Нарантуяатай холбоотой гомдлыг хэлэлцэж байна

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр өглөө 10:00 цагт хуралдаж, 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэхээр товлогдсон байна.
Энэ удаагийн хурлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяатай холбоотой нийт 48 өргөдөл, гомдлыг авч хэлэлцэх юм.
М.Нарантуяа Нара гомдлуудын талаар “Намайг олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжилж, нэр төр, алдар хүндэд халдсан, төрийн албаны нэр хүндийг унагаасан, өсвөр насны залууст сөрөг үлгэр дуурайл үзүүлсэн, УИХ-ын гишүүний нэр хүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан зэрэг агуулгатай гомдлууд ирсэн байна. Эдгээр 48 гомдлыг өөр өөр хүмүүс ирүүлсэн боловч үг үсэг, цэг, таслал нь яг ижилхэн байгаа юм. Тэгэхээр троллуудын хүсэлтээр Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна” гэж мэдэгджээ.
