2026 оны 4-р сарын 5-ны өдөр “Ханш нээх өдөр” тохионо

2026 оны 4-р сарын 5-ны өдөр буюу Ням гарагт “Ханш нээх өдөр” тохиож байна.
Ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдөлж амь ордог өдөр юм. Энэ өдөр хөлдсөн зүйлс гэсч, ичсэн зүйлс гарч, үндэс соёолдог гэж үздэг.
Иймд хүмүүс бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахиж, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахих хэрэгтэй. Мөн амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх ёстой.
Энэ өдөр бурхан болоочдоо зул хүж өргөн, газар дэлхийдээ тариа будаа өргөх нь буянтай үйлд тооцогддог. Гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлэхэд тохиромжтой өдөр юм.
Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир энэ өдөр эхэлсэн ажил үйлс бүтэмжтэй байдаг.
“Ханш” гэдэг нь ээлтэй, сайн гэсэн утгатай бөгөөд монголчууд энэ өдөр нас барсан хүмүүсийнхээ хойноос буян хийж ном уншуулснаар буян арвижиж, эд баялаг дэлгэрэн, эрүүл саруул байдаг гэж үздэг.
Энэ өдөр хэлэх ерөөл нь сайн сайхан, хийх үйл нь буянтай байг гэж бэлгэддэг.
