Ж.Дэлгэрсайхан: Баялгийн сангийн тогтвортой байдлыг хангах шаардлага байна

2026-04-04 15:301min
20260404-153021-file.jpeg
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан баялгийн сангийн үндсэн зорилго нь өнөөдрийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүйн нөөц болгох явдал бөгөөд сангийн удирдлага, зарцуулалтын дүрмийг сайжруулах шаардлагатайг онцлов.

Эдийн засагч, доктор, профессор Ж.Дэлгэрсайхан хэлэхдээ, өнөөдөр төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн салбарын АМНАТ болон бусад орлогоос бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайгаас олсон хэдэн арван их наяд төгрөгийг төсвөөр дамжуулан хэрэглэж ирсэн бөгөөд энэ байдал одоо ч үргэлжилсээр байна. Иймээс өнөөгийн болон ирээдүйн иргэдийн хэрэглээний тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг баялгийн сангийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх талаар анхаарах шаардлагатай гэж тэрбээр тэмдэглэв.

Ж.Дэлгэрсайхан баялгийн сангийн үндсэн зорилго нь өнөөдөр ашиглаж буй нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүйн шавхагдашгүй нөөц болгох явдал гэдгийг онцлов. Олон улсын баялгийн сангуудын түүхээс харахад шууд хуваарилалтын зарчмыг баримталдаггүй бөгөөд баялгийн сангийн үндсэн хуримтлалыг ашиглахгүй байх хатуу зарчим хэрэгждэг байна. Хөрөнгийн удирдлагаас бий болсон өгөөжийг төсвөөр дамжуулан ашиглах нь сангийн тогтвортой байдлын үндэс болдог гэж тэрбээр дурдав.

Мөн баялгийн сан нь төсвийн алдагдал нөхөх хэрэгсэл болох эсвэл валютын нөөц рүү татагдан хөрвөх чадварын дарамтад орох эрсдэлтэй байгааг онцолжээ. Иймээс хатуу дүрмээр төсөв болон бусад зорилгоор баялгийн сангаас хэрхэн ашиглахгүй байх талаар төвлөрөх шаардлагатайг хэлэв.

Тэрбээр баялгийн сангийн хууль нь эхлэл төдий бөгөөд засаглал, хөрөнгийн удирдлагыг бүрэн бүрдүүлээгүйг тэмдэглэж, төсвийг удирддаг төрийн захиргааны байгууллага баялгийн санг давхар удирдах нь эрүүл тогтолцоо биш болохыг анхаарууллаа. Цаашид баялгийн сангийн удирдлагыг заавал тусгаарлах, мөн зарцуулалтын дүрмийг тодорхой болгох шаардлагатайг онцолсон байна.

Эцэст нь, аливаа орнууд баялгийн санг ирээдүй рүү чиглүүлэн эдийн засгаа тогтворжуулах, төсвийг тогтворжуулах зорилгоор ашигладаг бөгөөд байгалийн баялгийн орлого хязгаарлагдаж дуусах үед улс орон болон ирээдүйн иргэдийн амьдралыг баталгаажуулахад баялгийн сангийн гол үүрэг чиглэгддэг гэдгийг Ж.Дэлгэрсайхан онцолсон юм.