Монголд амьдардаг дэлхийд ховор элсний тажигдаахай

Монгол Улс 20 жилийн дараа “Амьтны улаан данс”-аа шинэчилж, II боть болгон олон нийтэд танилцуулсан байна. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлсийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм. Энэ баримт бичиг нь ховордсон зүйлсийг хамгаалах бодлогын суурь болж өгдөг.
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс улаан дансанд орсон амьтан, ургамлыг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаад дэлхийд нэн ховордсон элсний тажигдаахай (Salpingotus kozlovi)-н талаар мэдээлэл өгч байна. Элсний тажигдаахай нь зөвхөн Монгол орны говь, цөлийн бүсэд амьдардаг бөгөөд алагдаагынхан овогт хамаарах жижиг мэрэгч амьтан юм.
“Козловын атигдаахай” нэрээр олон улсад танигдсан энэ амьтан нь биеийн урт нь 5.7 см, жин нь ойролцоогоор 12.5 грамм бөгөөд биеэсээ хоёр дахин урт 12.6 см сүүлтэй, том толгойтой, богино мохоо хоншоортой. Чих нь жижиг, гуурс хэлбэртэй бөгөөд хойд мөч нь гурван хуруутай, элсэн дээр явахад зохицсон бүтэцтэй байдаг. Нуруу нь шаргал, элсэн саарал өнгөтэй, хэвлий нь цагаан цайвар өнгөтэй бөгөөд орчиндоо дасан зохицож өнгөлөн далдлахад тусалдаг.
Элсний тажигдаахай нь Монгол орны өмнөд хэсгийн элсэрхэг говь, цөлийн бүсэд, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дэх элсэн манхан, дов толгодод нүх ухан амьдардаг. Шөнийн идэвхтэй амьтан бөгөөд тоо толгой нь цөөрсөөр байгаа тул хамгаалалтад авч, улаан дансанд “Мэдээлэл дутмаг” болон “Ховор” зэрэглэлд бүртгэжээ.
