Улс төрийн 9 намын санхүүгийн тайланг Үндэсний аудитад хүргүүлжээ

2026-04-04 12:301min
20260404-123029-file.jpeg
Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны санхүүгийн тайланг аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар 9 намын тайланг Үндэсний аудитын газарт илгээжээ. Аудитын дүгнэлт тавдугаар сард нийтэд мэдээлэгдэх юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын 2025 оны санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүргүүлжээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын 29 нь 2025 оны санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Тэдгээрээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нийт сонгогчдоос нэг хувиас дээш санал авсан, төрийн санхүүжилт авах шаардлага хангасан 9 намын тайланг аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар илгээжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар төрийн аудитын байгууллага жил бүр намд олгосон санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнах үүрэгтэй.

Улс төрийн намын санхүүгийн тайлангийн хяналт гурван үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд аудитын хуулийн этгээд намын тайланг нягтлан бодох бүртгэл, баримт бичиг, намын гүйцэтгэх төв байгууллагаас авсан тайлбар, тодруулгын үндсэн дээр олон улсын стандартын дагуу шалгаж, баталгаажуулан дүгнэлт гаргана.

Хоёрдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлтийг харгалзан үзэн тайланг хуульд нийцсэн эсэхийг хянадаг.

Гуравдугаарт, төрийн аудитын байгууллага төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт гаргана. Эдгээр гурван шатны аудитын хяналтын дүгнэлт тус бүр гардаг.

Үндэсний аудитын газрын дүгнэлтэд үндэслэн нэгтгэсэн тайланг Сонгуулийн ерөнхий хороо 2026 оны тавдугаар сард нийтэд мэдээлж, Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөжээ.

Төрийн санхүүжилтийн төсөв нь Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгагдаж, намд олгох санхүүжилтийн хэмжээ нь тухайн намын орлого, аудитын дүгнэлт зэрэгт үндэслэн хуульд заасан томьёоллоор тооцогддог.

Жил бүр олгох төрийн санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжих, сургахад, 15-аас доошгүй хувийг улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад, мөн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулах судалгаа, төсөл хэрэгжүүлэх, дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулах ёстой.

Төрийн санхүүжилтийг зөвшөөрөгдсөн зорилгоос өөр зориулалтаар зарцуулсан тохиолдолд сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх буюу дараагийн санхүүжилтээс хасах арга хэмжээ авдаг.

Сонгуулийн төв байгууллага жил бүр есдүгээр сарын 15-ны дотор төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд тухайн жилийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.