УИХ-ын дэд хороо аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар мэдээлэл сонсов

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны 2026 оны эхний хуралдаан 3 дугаар сарын 31-нд болж, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг мэдээлэхдээ, Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, экспортын орлого 728 сая ам.долларт хүрснийг онцлов. Дотоодын жуулчдын зарцуулалт 2.6 их наяд төгрөгт хүрч, нийт аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хэмжээ 5.2 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь салбарын эдийн засгийн чухлыг харуулж байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “World Tourism Barometer” тайланд Монгол Улс жуулчдын тоогоор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны 15 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчинд 2023 онд шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хууль, УИХ-ын тогтоол 1, Засгийн газрын 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн онд хууль эрх зүйн хэрэгжилт 69.1 хувьтай байжээ. Салбарын яам бусад оролцогч талуудтай хамтран ажилласны үр дүнд аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Улсын аялал жуулчлалын бүс болон салбарын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох журмыг шинэчлэн баталжээ. Мөн “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаанд 2025 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймагт “Цайны замын авто аялал” нээлтийг амжилттай зохион байгуулсан байна. Travel Platform хөгжүүлэлт эхлэхэд бэлэн болсон бөгөөд салбарын хүний нөөцийн хэрэгцээг хангах үүднээс Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын сургалтын төвийн барилгыг хүлээн авсан байна. Тус сургалтын төвийн барилгыг түшиглэн Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
Шууд нислэгтэй газрын тоо нэмэгдэж, Хөвсгөл аймаг олон улсын шууд нислэг хүлээн авсан байна. Аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээлийг энэ сараас олгож эхэлнэ. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах, татварын бодлогыг оновчтой болгож, салбарт дахин хөрөнгө оруулалт хийх механизмыг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, тээвэр, байршуулалтын үйлчилгээ болон жуулчдын сонирхлыг татах бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, үзмэрүүдийг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, орон нутгийн иргэдэд бодит өгөөж хүртээх тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг төлөвлөж байна.
Мөн зорин очих газрууд руу чиглэсэн агаарын тээврийн дэд бүтэц, нисэх буудлуудыг олон улсын шаардлагад нийцүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, урсгалыг хурдасгах, авто замын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, өвлийн улиралд ажиллах боломжтой жуулчны баазын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний онцлогийг шингээсэн бүтээн байгуулалт, үзмэрүүдийг хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мэдээлэлд дурдсан байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Засгийн газраас Монгол Улсын 17 аялал жуулчлалын бүсийг 12 аймагт анх удаа тодорхойлсон бөгөөд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр эдгээр бүсийн аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг боловсруулж байгааг хэлэв. Мөн хувийн хэвшлийг дэмжих зорилгоор 6.0 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай, эхний жил нь үндсэн зээлээ төлөхгүй байх нөхцөлтэй зээлийг аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон талаар мэдээлэв.
Салбарын яамнаас зээлийн шалгуурыг багасгаж, аялал жуулчлалын дотоодын аж ахуйн нэгж байх, түүнд нь мэргэжлийн хоёр ба түүнээс дээш хүн ажиллах шаардлагыг тавьсан байна. Арилжааны банкуудад мэргэжлийн холбоодод гишүүнчлэлтэй компаниудын нэрсийг өгсөн нь салбарын нэрийг барьсан бусад этгээд зээл авахыг сэргийлэх зорилготой гэж сайд онцлов.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оны эхний хоёр сарын байдлаар жуулчдын тоо 33 хувиар өссөн ч түлшний үнийн өсөлттэй холбоотойгоор цаашдын өсөлт багасах эсэх талаар судалгаа байгаа эсэхийг лавлав. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл салбарын хууль тогтоомжийг 2023 онд шинэчилсэн ч цаашид сайжруулах шаардлага байгааг тэмдэглэв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам геополитикийн нөхцөл байдал, шатахууны үнийн өсөлтөөс өмнө мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ жил 1 сая орчим жуулчин хүлээн авах тооцоо гаргасан бөгөөд авиа компаниудын нислэгийн үнэ ирэх сараас нэмэгдэхийг дурдав. Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаас хойш таван жилийн дараа үнэлгээ хийх боловч хууль нь салбарын эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн гэж үзэж байна.
Мөн энэ жил 250 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгох боломжтой ч аж ахуйн нэгжүүдээс 800 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн тул зээлийг үргэлжлүүлэх, ирэх жил зээлийн татаасыг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсч байгааг мэдээлэв.
