Гадаад улсын иргэдтэй бүлэглэн төлбөрийн картын мэдээллийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шалгаж байна

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас гадаад улсын иргэдтэй бүлэглэн иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад иргэн Ц нарын бүлэг этгээд арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй болохыг тогтоосон байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллахыг зөвлөж байна. Мөн “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж, хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
