Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн хэсэг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2…-8°С хүйтэн байна. Харин Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4…10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан температуртай байна.
2000 оноос хойших жилүүдэд дөрөвдүгээр сарын агаарын температур олон жилийн дунджаас 2-6°С-ээр дулаан байсан бөгөөд 2004-2005, 2007-2010, 2011, 2014-2020, 2024, 2025 онуудад ихэнх нутгаар дулаан байжээ. Харин 1979-1980, 1983-1986, 1988, 1990-1991, 1993, 2010, 2013, 2023 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 2-6°С-ээр хүйтэн байсан байна.
Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаар байна. Хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6°С-ээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-ээр хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй юм.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ойролцоо, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Төв аймгийн өмнөд болон Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд ширүүсч, хүйтэн байх төлөвтэй. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлалтай байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджаар болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаар байх төлөвтэй. Сарын эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх төлөвтэй. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджаар болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй. Сарын эхээр нутгийн хойд болон зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджаар болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6°С-ээр хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-ээр хүйтэн байх бол бусад хугацаанд олон жилийн дунджаар болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах бөгөөд салхи шуурганы давтамж ихтэй байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганы аюул, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч, болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
