Авлигын хэргийг шалгаж, шүүхээс торгох ял оногдуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байна.
“М” компанийн менежер Т нь 2025 оны 11 дүгээр сард тус компанид холбогдох зөрчлийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга З.Оргилд албан өрөөний ширээн дээр 5500 ам.доллар буюу 20 сая төгрөгийн хахуулийг цагаан өнгийн дугтуйнд хийж санал болгожээ.
З.Оргил нь Авлигын эсрэг хуулийн дагуу уг мэдээллийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т-д холбогдох хэргийг хэлэлцэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулж, авлигын эрсдэлийг бууруулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга З.Оргил нь төрийн албан хаагчийн авлигаас ангид байх зарчмыг сахин, авлигын талаарх мэдээллийг хуульд заасан үүргийн дагуу нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдээлсэн байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
