2025 оны эхний хагас жилд илрүүлсэн допингийн бодисуудын талаар мэдээлэл

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) 2025 оны эхний хагас жилд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хураан авсан допингийн төрлийн бодисуудыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.
Эдгээр бодисууд нь зөвхөн мэргэжлийн тамирчдад төдийгүй спортоор хичээллэж эхэлж буй хүүхэд, залуучуудын дунд ч хууль бусаар худалдаалагдаж байгааг МОНАДА онцолж байна.
Допингийн төрлийн бодисууд нь эрүүл мэндэд ноцтой хор уршигтай бөгөөд дааврын тэнцвэрийг алдагдуулж, урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн эдгээр бодис нь хараат байдал үүсгэх эрсдэлтэй бөгөөд спортын шударга өрсөлдөөнийг алдагдуулдаг гэжээ.
МОНАДА нь хууль бус допингийн эргэлт нь спортын хүрээнээс гадна нийгмийн эрүүл мэнд, залуучуудын ирээдүйд аюул учруулж байгааг анхааруулж, цаашид холбогдох байгууллагуудтай хамтран хууль бус бодисын эргэлттэй хатуу тэмцэхээ мэдэгдэв.
