Төв талбайд “Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн өдөрлөг болно

Нийслэлийн төв талбайд өчигдөр Казах түмний уламжлалт Наурызын баярын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Харин өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 29-ний өдрүүдэд “Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдах юм.
Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлснээр, зургаан өдөр үргэлжлэх уг өдөрлөг нь үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой аж.
Өдөрлөгийн хөтөлбөрт үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, кино үзвэр, богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн, номын сангийн үйлчилгээ, гэрэл зургийн үзэсгэлэн, автомашин, мотоциклийн үзэсгэлэн, гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа зэрэг олон талт арга хэмжээ багтжээ.
Мөн “Open mic” буюу нээлттэй тайз, “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан, Face art, каллиграф буюу Монгол бичгийн үзүүлбэр, өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр, сельфи бүүт зэрэг соёл, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Эдгээр арга хэмжээ нь өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
