BTS хамтлаг дөрвөн жилийн дараа дахин нэгдэж Сөүлд 104,000 үзэгчтэй тоглолт хийв

2026-03-22 12:301min
20260322-123025-file.jpeg
Дэлхийн шилдэг к-поп хамтлаг BTS дөрвөн жилийн дараа дахин нэгдэж, Сөүл хотын төвд үнэ төлбөргүй тоглолт зохион байгууллаа. Тоглолтод 104,000 гаруй хүн оролцсон бөгөөд ирэх сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.

Дэлхийн шилдэг к-поп хамтлаг BTS дөрвөн жилийн дараа дахин нэгдэж, Сөүл хотын төв Гванхвамуны талбайд үнэ төлбөргүй тоглолт зохион байгууллаа.

HYBE компанийн мэдээлснээр, Бямба гарагийн орой болсон уг тоглолтыг 104,000 орчим хүн үзсэн байна. Хамтлагийн долоон гишүүн RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jung Kook нар хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард хамтдаа тайзан дээр гарч байжээ.

Тоглолт нэг цаг үргэлжилж, шинэ “Arirang” цомгийн дуунуудыг багтаасан байна. Гванхвамуны талбай BTS хамтлагийн өнгө болох нил ягаан өнгөөр хучигдсан байв.

Ирэх сард BTS дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд уг аялан тоглолтоос 1 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна. Түүнчлэн, энэ арга хэмжээ Өмнөд Солонгосын эдийн засагт илүү өргөн нөлөө үзүүлэхээр тооцогдож байна.

Тоглолтын үнэ төлбөргүй тасалбар авсан 22,000 орчим хүн тайзны дэргэдэх тусгай бүсээс үзсэн бол бусад үзэгчид ойр орчмын барилгууд дээр байрлуулсан том дэлгэцээр үзжээ. Үзэгчдийн дунд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчид байв.

Нэтфликс платформ тус тоглолтыг онцгой эрхтэйгээр шууд дамжуулсан бөгөөд дэлхий даяар олон хүн үзсэн байна.

Сөүл хотын захиргаа тоглолтын аюулгүй байдлыг хангах үүднээс 15,000 орчим ажилтан, үүнд 6,700 цагдаагийн албан хаагчийг дайчилсан байна. Төв талбайн ойр орчмын замуудыг хааж, метроны чиглэл, цагийн хуваарийг өөрчилжээ.

Үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд төв талбайд 200 метр өргөн, 1.2 км урт төмөр хаалт босгож, 31 хаалган дээр металл илрүүлэгч байрлуулсан байна.

Галт зэвсгийн хяналтыг чангатгаж, бүх зөвшөөрөлтэй иргэдэд галт зэвсгээ орон нутгийн цагдаагийн хэсгүүдэд хадгалах захирамж гаргасан байна. Мөн терроризмын аюулаас сэргийлэх үүднээс Сөүл хотын метроны 17 өртөөний тээш хадгалах үйлчилгээг түр зогсоосон.

Тоглолтын талбайн ойролцоо эрүүл мэндийн тусламж үзүүлэх нүүдлийн гурван станцыг ажиллуулжээ.