Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

2026-03-19 07:301min
20260319-073019-file.jpeg
Сонгуулийн ерөнхий хороо 2026 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосныг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2026 оны аймаг, нийслэл, сум болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн товыг танилцууллаа. Тус хорооноос баталсан цаг хугацааны хуваарьт зааснаар орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны гуравдугаар сарын 16-наас өмнө товложээ.

Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулахаар тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.

2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад, мөн 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль явуулахаар төлөвлөжээ.

Нөхөн сонгууль нь төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болон хуульд заасан бусад үндэслэлээр орон гарсан суудлыг нөхөх зорилготой юм.