Онцгой байдлын байгууллагаас зургаан албан хаагч хурандаа цол хүртлээ

2026-03-16 14:011min
20260316-140141-file.jpeg
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагаас зургаан албан хаагч хурандаа цол хүртсэн бөгөөд цол олгох ёслолд ЗХЖШ-ын дарга үг хэлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас зургаан албан хаагч хурандаа цол хүртлээ.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгор; Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх; Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар; Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд; Баруун бүсийн Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нэргүй; Дотоодын цэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн профессор С.Байгалмаа нар хурандаа цолтон боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон байна.

Цол олгох ёслол дээр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хурандаа цол нь дэлхийн улс орнуудын армид байдаг ахлах офицерын дээд цол болохыг онцлон тэмдэглэж, энэхүү цолыг хүртсэн албан хаагчдад өндөр хариуцлага ноогдож байгааг дурдав.

Тэрбээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад шат дараалсан албан тушаал хашиж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, зүрх сэтгэлээ дайчлан ажиллаж ирснийг тэмдэглэн, гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлэв.