Онцгой байдлын ерөнхий газраас Сибирьт гарч буй гал түймэртэй холбогдуулан цаг үеийн асуудлаар өчигдөр /2019.07.31/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр утаа хүний биед хортой учраас иргэн бүр өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэдгийг албаныхан зөвлөж байсан юм. Ингээд гал түймрийн утаатай үед эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаарх зөвлөгөөг хүргэе.
Гал түймрээс үүдсэн агаарын бохирдол хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөхийг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм. Тэр дундаа зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг байна. Тийм учраас хэт мэдрэг, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох удаан хугацаагаар гадаа явахгүй байхыг эмч нар зөвлөж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтний зүгээс гал түймрийн утаатай нөхцөлд дараах арга хэмжээг авахыг хүмүүст уриалж байна. Үүнд:
- Агаарын чанарын мэдээг харж байх.
Та agааr.mn сайтаас яг одоо хотын аль хэсэгт агаарын бохирдол ямар байгааг харж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн байнга ажиглаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байх хэрэгтэй.
- Гэрийнхээ агаарыг аль болох цэвэр байлгах.
Шаардлагагүй бол хаалга, цонхоо онгойлгох хэрэггүй. Хэрвээ агааржуулагч байгаа бол түүнийгээ ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ гаднах бохирдолтой агаар орж ирэхээс сэргийлэх шаардлагатай. Гэрийн доторх агаарыг бохирдуулах ямар нэг зүйл хийж болохгүй: Жишээлбэл лаа асаах, ил зуух ажиллуулах зэрэг нь гэрийн доторх агаарыг бохирдуулж байдаг. Түүнчлэн гэр дотроо тамхи татах нь хамгийн буруу үйлдэл болно.
- Тоосны хамгаалалттай амны хаалт танд хэрэг болохгүй.
Тоосны хамгаалалт бүхий, эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалт нь ямар ч үр дүнгүй юм. Учир нь энэ төрлийн амны хаалт зөвхөн том хэмжээний тоос, шорооноос хамгаалах зориулалттай байдаг. Тэгэхээр уушгиа хамгаалах арга энэ биш юм. Харин “N95” тэмдэглэгээ бүхий амны хаалтыг зүүж болно.
- Ус сайн уух.
Ингэснээр амьсгалын замын эрхтний чийгшлийг хадгална.
- Тоос соруулж болохгүй.
Тоос соруулагч ажиллуулах нь гэр доторх тоос шороог бужигнуулж, бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс гэр доторх агаараа цэвэр байлгахын тулд тоос соруулахаас зайлсхийх хэрэгтэй.
ТҮЙМРИЙН УТАА САЛХИНЫ ЧИГЛЭЛЭЭС ШАЛТГААЛАН АГААРТ ТАРХААД БАЙНА
Сибирийн ойд гарч буй гал түймрийн утаа гурван хоногийн өмнөөс Улаанбаатар хотыг бүрхээд байгаа билээ. Баруун хойноос салхины чиглэлийн дагуу Эрхүү, Байгаль нуураар дамжин түймрийн утаа ажиглагдаж эхэлсэн гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн мэргэжилтэн П.Соронзонболд мэдээлэхдээ “Сибирьт гарсан түймрийг бид агаарын хиймэл дагуулын тусламжтай харахад манайхаас 700 орчим км-ийн зайтай байна. Уг түймэр бол Байгаль нуурын цаана гарч буй түймэр юм. Наад талд нь ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэ, Чита гэсэн том хотууд байгаа. Өнөөдрийн байдлаар хил дагуу буюу ОХУ-ын хил орчмоор түймэр байхгүй байна.
Утааны хувьд уржигдраас эхэлж ажиглагдаж эхэлсэн. Хиймэл дагуулаас харахад өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Төв аймагт утаа ажиглагдлаа. Энэ бол салхины чиглэл агаарын урсгалаас шалтгаалж байгаа. Түүнээс биш Эрхүүд гарсан түймэр өнөө маргаашгүй Монгол Улс руу тархаад орж ирэх боломжгүй. Монгол Улсад түймрийн утаа орж ирчихээд байгаа болохоос биш хил давж орж ирсэн түймэр байхгүй” гэдгийг хэлж байв.
Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын цэгүүд дээр тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу эслийн агууламжийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь модны шаталтаас үүсдэг агаарын бохирдол гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн мэдээлжээ.