Монгол орны цасан дахь усны нөөц болон хаврын үерээс урьдчилан сэргийлэх анхааруулга

2026-03-06 09:301min
20260306-093029-file.jpeg
Монгол орны нийт нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд цасан дахь усны нөөц 14.2 шоо километр байна. Урин дулаан цаг ирж, шар усны үер буух эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гуравдугаар сарын 5-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд цасны дундаж зузаан 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо километр байна гэж Цаг уурын байгууллага мэдээллээ.

Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол-Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг гол, Идэр, Увс нуур-Тэс голын сав газруудын 90-99 хувь нь цастай бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо километр байна.

Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур-Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан-Байдраг зэрэг голуудын савын 45-80 хувь нь цастай бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо километр байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын сав газруудаар шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудад гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах эрсдэлтэй тул холбогдох байгууллагууд цаг алдалгүй зохих арга хэмжээг авч, цэвэрлэгээ, устгал хийхийг зөвлөж байна.