Төрийн одон медаль олгуулна хэмээн 35.9 сая төгрөг залилсан этгээдэд хорих ял оноожээ

2026-03-06 07:301min
20260306-073020-file.jpeg
Эмнэлгийн ажилтнуудаас төрийн одон медаль олгуулна хэмээн 35.9 сая төгрөг залилсан этгээдэд шүүх гурван жил найман сарын хорих ял оноолоо. Цагдаагийн байгууллага иргэдийг ийм төрлийн хууль бус үйлдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

Нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилтнуудад төрийн дээд цол, одон медаль болон бусад байгууллагын шагнал олгуулж өгнө хэмээн итгүүлж, 35.9 сая төгрөг залилсан хэрэг гарчээ.

Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Шалгалтын явцад тухайн этгээд төрийн шагнал, одон медаль олгох эрх мэдэлгүй мөртлөө өөрийгөө нөлөө бүхий хүн мэтээр танилцуулж, эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг төөрөгдүүлсэн нь тогтоогдсон байна.

Хэргийг шүүхээр хэлэлцээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жил найман сарын хорих ял оноосон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-д төрийн одон медаль, цолыг хууль бусаар ашиглах, худалдах, худалдан авах, хуулбарлан олшруулахыг хатуу хориглосон байдаг.

Цагдаагийн байгууллага иргэдэд төрийн шагнал, одон медаль олгуулах нэрээр мөнгө нэхсэн, зуучилна хэмээн амласан этгээдүүдэд итгэхгүй байх, ийм төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.