Монгол Улсын өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага

2026-03-04 07:301min
20260304-073037-file.jpeg
Монгол Улсын Иргэний хуулийн өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг олон улсын чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгох, тусгайлсан хууль боловсруулах шаардлага тулгарч байна.

2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэгт “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй” сэдвээр үргэлжиллээ. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор Э.Байгал олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын талаар илтгэл танилцуулсан.

Тэрбээр Монгол Улс социалист эрх зүйн тогтолцоогоос зах зээлийн эдийн засагт шилжиж, олон улсын хувийн эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломжтой болсон талаар онцолсон. Олон улсын бизнес, гэр бүлийн болон хөрөнгө оруулалтын эрх зүйн харилцаа хөгжихийн хэрээр зохицуулалтууд шаардлагатай болж, гадаадын шүүх, олон улсын арбитруудад Монгол Улсын Засгийн газар, иргэн, хуулийн этгээдүүдтэй холбоотой хэргүүд нэмэгдэж байгааг дурдсан.

Монголын олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлыг үнэлж, олон улсын чиг хандлагатай харьцуулсан судалгаа хийсэн гэж илтгэлдээ тэмдэглэсэн. Иргэний хуульд гадаадын иргэнтэй гэр бүл болох зохицуулалтыг 1926 онд анх тусгасан бол 1964, 1994, 2002 оны хуульд шинэчлэлтүүдийг тусгасан байна.

Э.Байгал дүгнэлтдээ Иргэний хуулийн Ерөнхий ангийн зохицуулалт дутмаг, олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын хамрах хүрээ тодорхойгүй, зөрчилдөөний механизм идэвхгүй байгааг онцолсон. Тусгай ангийн асуудлууд, гэрээний үүрэг, өв залгамжлалын зөрчил, олон улсын чиг хандлагын талаар илтгэлдээ танилцуулсан.

Тэрбээр олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын тусгайлсан хууль боловсруулах, дижитал орчинд тохирсон зохицуулалт бий болгох, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, шүүх, төрийн албан хаагчдыг олон улсын байгууллагад дадлагажуулах шаардлагатай гэж үзсэн.

Дараа нь дэд профессор Б.Улаанбаатар “Монгол Улсын Иргэний хууль дахь өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр өв залгамжлах харилцааны эрх зүйн зохицуулалтыг задлан шинжилж, бусад улсын гэрээслэлээр өвлөх эрхийн зохицуулалттай харьцуулан судалсан.

Монгол үндэсний уламжлал, соёл, эрх зүйн ухамсарт нийцсэн өвлүүлэх, бэлэглэх гэрээний харилцааг бий болгох шаардлагыг тодорхойлсон. Өв залгамжлалын эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийгдээгүй нь хуульд дорвитой өөрчлөлт ороогүй гол шалтгаан гэж үзсэн.

Орчин үеийн техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр өмчийн харилцаа нарийн төвөгтэй болсон тул гэрээслэл болон өв, бэлэглэлийн гэрээний маягтыг шинэчлэх шаардлагатайг онцолсон. Мөн гэрээслэлд тавигдах шаардлага, нотариат байхгүй газарт гэрээслэлийг гэрчлэх боломж зэрэг асуудлыг нарийвчлан судлахыг санал болгосон.

Илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлэг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг” сэдвээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.