Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ 90 хувьтай хэрэгжиж байна

2026-02-24 16:011min
20260224-160121-file.jpeg
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бохир усны шугам сүлжээг шинэчлэх төслийн ТЭЗҮ болон үнэлгээний ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулах юм.

Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт “Pipe Bursting” технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ аргаар 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг 250 мм болгон өргөтгөж, дамжуулах хүчин чадлыг 22.3 л/с-ээс 52.5 л/с болгон 2.3 дахин нэмэгдүүлнэ.

“Багц-1”-ийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд оролцогч талуудын саналыг тусгасан баримт бичгийг эцэслэн, магадлалд оруулахаар бэлтгэж байна.

“Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой нийт 40 км бохир усны шугамыг сэргээн засварлах бөгөөд 300-400 мм-ийн голчтой шугамыг “Close Fit” болон “CIPP” аргаар доторлон шинэчилснээр хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар нэмэгдэх нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Нийслэлийн татан зайлуулах бохир усны хэмжээ 2040 он гэхэд хоёр дахин өсөж, хоногт 377 мянган м.куб-д хүрэх төлөвтэй байгаа тул энэхүү шинэчлэл нь хотын ирээдүйн өсөлтийг даахуйц хүчин чадалтай дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Улаанбаатар хотод үерийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлыг урт хугацаанд хангах үүднээс дамжуулах хүчин чадлыг м.куб/сек нэгжээр тооцон төлөвлөж байна.