Монгол орны цасны зузаан хоёрдугаар сарын 20-ны байдлаар нутгийн 70 хувьд бүртгэгдэв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хээрийн цасны хэмжилтийн арав хоног тутмын мэдээгээр, хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувь нь цастай байна.
Цасны хэмжээ өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.
Цасны зузаан хамгийн их нь Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэр сумдад 31-38 см байна.
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Дархан-Уул зэрэг аймгийн зарим сумдад цасны зузаан 21 см-ээс дээш, нягт нь 0.16-0.39 г/см3 байна.
Увс, Ховд, Завхан, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн бусад сумдад 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай цас бүртгэгдсэн бол бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.
