Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн зарим эрүүл мэндийн байгууллагууд ажиллана

Улаанбаатар хотод Сар шинийн баярын амралтын өдрүүдэд иргэдэд тасралтгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор зарим эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллана.
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд болон шүдний кабинетууд 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд үйлчилнэ. Тэд 17-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд, харин 18-20-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд ажиллах юм. Энэ хугацаанд яаралтай бус боловч зайлшгүй шаардлагатай үзлэг, зөвлөгөө, анхан шатны эмчилгээ, боолт, тариа зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв мөн хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж, шүд, эрүү нүүрний яаралтай болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Нийслэлийн өрхийн Эрүүл мэндийн төвүүд 2026 оны хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд анхан шатны тусламж, зөвлөгөө, жор бичилт, хяналтын үзлэг зэрэг үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулжээ.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын үйлчилгээ болон яаралтай тусламжийн тасгууд баярын өдрүүдэд 24 цагийн турш хэвийн ажиллахыг холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.
Иргэд баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай бол өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж, утсаар лавлан цагийн хуваарийг тодруулахыг зөвлөж байна.
