Ирэх тав хоногт цасан шуурга, салхи хүчтэй, хүйтний эрч эрс чангарна

Ирэх тав хоногийн хугацаанд цаг агаарын төлөв байдалд өөрчлөлт орж байна. Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
20-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна.
Салхи 20-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх бөгөөд 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга үүснэ.
Хүйтний эрч ихсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -22…-27 градус, говийн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -13…-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.
