Монгол, Хятадын гадаад харилцааны сайд нар стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар хэлэлцэв

2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг-тай уулзав.
Уулзалтаар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын гадаад харилцааны яамдын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, хөгжлийн замыг хүндэтгэх зарчмыг баримталж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Мөн хоёр тал “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжиж, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийг ард иргэдэд бодит ашиг тусаа өгөхүйц байдлаар урагшлуулахыг зорьж байгаагаа илэрхийлэв.
Хятад улс хөрш орнуудтай найрсаг, харилцан ашигтай, хүртээмжтэй харилцаа тогтоох гадаад бодлого явуулж байгаа бөгөөд удахгүй батлагдах 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын хөгжлийг дэмжих зорилтыг тусгасан нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж байна гэж тэмдэглэв.
Стратегийн яриа хэлэлцээний хүрээнд санал солилцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын талтай нягт хамтран ажиллахыг онцлов.
