Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын VII удаагийн стратегийн яриа хэлэлцээ боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-нд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний Стратегийн яриа хэлэлцээний VII удаагийн уулзалтыг хятадын талаас ахлан хийсэн талаар хэлэлцэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд дорно дахины уламжлалт баяр болох “Хаврын баяр”-ын мэндчилгээг уламжлахыг хүссэн байна. Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон, харилцан итгэлцэлд суурилсан ажлууд бодитоор урагшилж байгааг онцлов.
Мөн хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Түүнчлэн “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлсэн байна.
Уулзалтаар хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд харилцан дэмжлэг үзүүлэхэд Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Ээлжит хуралдаан амжилттай болсон талаар баяр хүргэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт баяртай байгаагаа илэрхийлж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, уулзалт үр дүнтэй болсон гэж тэмдэглэв.
Мөн Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай “найрсаг дотно, харилцан ашигтай” харилцаа баримталж буйг онцолж, Монгол Улс Хятадын хөрш орнуудтай харилцах харилцаанд чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтуудыг Монгол Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийн зорилтуудтай уялдуулан, ард иргэдэд үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
