Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Төрийн Думын даргатай хэлэлцээ хийв

Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Н.Учрал Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх явдал байгааг онцлов. Тэрбээр хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэв.
Мөн Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглэж, энэхүү айлчлал нь хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлов.
Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг онцлон, цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, Байнгын хороод, Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэхээр тохиролцов.
Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсныг дурдаж, тус хэлэлцээрийг харилцан ашигтайгаар хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын харилцаа чухал үүрэгтэйг дурдав.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин урилгыг хүлээн авч, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, 2023 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа дурдав. Тэр үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг онцлов.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд Москва хотноо зохион байгуулагдах Комиссын хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, түлш, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа болон байгаль орчны салбарын өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцов.
