Нийслэлийн зуслангийн бүсэд зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандарт батлагдлаа

Нийслэлийн суурьшлын бүс жилээс жилд тэлж, онгон байгалийн гүн рүү түрэн орж байна. Хотын өргөжилтөд зэрлэг амьтад идэш тэжээл хайж, байгалийн зөнгөөрөө нүүдэллэн суурьшлын бүс рүү орж амь насаа эрсдэлд оруулж байна.
Төмөр замын өргөст тор, иргэдийн барьсан шовх үзүүртэй, стандарт бус хашаанууд зэрлэг амьтдын аминд хүрэх гол шалтгаан болж байна. Цаг уурын хүндрэл, их хэмжээний цаснаас шалтгаалан амьтад идэш тэжээл хайж суурьшлын бүс рүү орж, амь насаа алдах тохиолдол нэмэгдэж байна.
2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Богдхан уулын Нүхтийн аманд халиун буга стандартад нийцээгүй хурц үзүүртэй хашаанд сүлбүүлж нас барсан нь олон нийтийн анхаарлыг татаж, Нийслэлийн ИТХ-ын түвшинд хэлэлцэгдэв.
Сүүлийн есөн жилд Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн дуудлагаар 15 халиун буга ижил байдлаар хоргодсон бөгөөд жил бүр 1-2 буга хотын төмөр занганд амиа алдаж байна.
Улаанбаатар хотын ногоон бүсэд баданга хүдэр, хүрэн баавгай, халиун буга, бор гөрөөс зэрэг 58 зүйлийн хөхтөн амьтан нутагладаг. Он гарсаар Нийслэлийн Байгаль орчны газарт зэрлэг амьтан хашаанд сүлбэгдсэн, нохойд бариулсан дөрвөн дуудлага ирж, авран хамгаалах ажил зохион байгуулагджээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлэн хотын стандартыг НИТХ-аар батлуулсан байна.
Энэхүү стандарт нь Улаанбаатар хотын зуслангийн бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжих бөгөөд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөх ёстой юм.
НБОГ-ын хэлтсийн дарга О.Тэмүүжингийн мэдээлснээр, иргэд амарч зугаалах, ойн баялаг түүх зэрэг үйл ажиллагаа амьтдын амьдрах орчноос дайжуулах, зуслангийн бүс рүү орж золбин болон тэжээвэр нохдод хөөгдөх зэрэг асуудал үүсгэдэг.
Амьтад хашаанд сүлбэгдэж, гэмтэж бэртэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж.
НИТХ-ын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор “UCS 0304B:2025 Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” стандартыг баталсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Стандартад хашааны өндөр, өргөн, материал, бэхэлгээ зэрэг олон үзүүлэлтийг нарийвчлан тусгасан бөгөөд амьтдын амьдрах орчинд ойр байрлах хашааг зохистойгоор төлөвлөх шаардлагатай юм.
Төмөр утас өргөсгүй, амьтдад харагдахуйц тэмдэглэгээтэй байх нь амьтад чөлөөтэй шилжих боломжийг нэмэгдүүлнэ. Мөн байгалийн ургамал ашигласан экологийн хашаа, буулгадаг хашаа орц гарцтай байх нь онцлогтой.
Энэхүү стандартын хэрэгжилтээр зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн дэмжигдэж, амьдрах орчны сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой.
Иргэд, аж ахуйн нэгжүүд шинээр хашаа барихдаа стандартыг мөрдөх ёстой бөгөөд газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэхэд стандартыг хэрэгжүүлсэн байдлыг харгалзан үзэхийг дүүргүүдийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд зөвлөмж болгожээ.
Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтад нь мод, бут сөөг, суулгац гэмтээх, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, иргэдийн гомдол нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.
Мөн амьтад хууль бус ан агнуур, халдварт өвчин, авто ослын эрсдэлд өртөх нөхцөл бүрддэг бөгөөд популяцын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг.
Экологийн коридор байгуулах замаар Богдхан уулын дархан цаазат газрын биологийн олон янз байдлыг хамгаалах, амьтдын нүүдэл шилжилтэд саад болж буй хүчин зүйлсийг бууруулах шаардлагатай байна.
Баянзүрх хайрхан, Богдхан уулыг холбох экологийн гарцуудын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг ирэх хоёр жилд боловсруулах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалж, стандартад нийцсэн хашаа барих нь хотын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
