Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна

2026-02-09 09:001min
20260209-090046-file.jpeg
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Монголын анхны ингэний ферм “Солид партнерс групп” компаниар таван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдөрт 140-150 литр сүү гаргаж байна. Ферм инкубатор хэлбэрээр ажиллаж, сүүн бүтээгдэхүүнээ дотоод болон гадаад зах зээлд таниулах зорилготой.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны хоёрдугаар сарын 8-нд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй анхны ингэний фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө байгуулсан бөгөөд нийт 225 тэмээтэй, үүний 160 нь ингэ юм. Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү гаргаж байна. Нэг ингэнээс дунджаар 2.5 литр сүү авдаг нь бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их үзүүлэлт юм. Зуны улиралд нэг ингэнээс 4 литр хүртэл сүү авах боломжтой гэж фермийн удирдлагууд мэдээлэв.

Ингэ саах үйл ажиллагаанд зориулалтын саалтуур ашигласнаар сүүний гарц нэмэгдэж, цаг хугацаа хэмнэх зэрэг бүтээмжийг сайжруулсан байна. “Солид партнерс групп” компани 15 хүнийг ажлын байраар хангаж, тараг, ундаа, хуурай сүү зэрэг найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ.

Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж тус компанийн захирал Б.Цэнд-Аюуш онцлов. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь чухал гэж тэрээр тэмдэглэв.

“Солид партнерс групп” компани монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын бренд бий болгох зорилт тавьж, малчид болон бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага судлах боломж олгох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллуулж байна.