Төрийн бус өмчийн сургуулиудын удирдлагууд боловсролын салбарын бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцэв

Монгол Улсад өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 910 сургуульд нийт 821,300 сурагч суралцаж байна. Үүнээс 80,525 сурагч нь төрийн бус өмчийн 189 сургуульд суралцаж байгаа нь нийт сурагчдын 10 хувьтай тэнцэж байна.
Монголын Хувийн Сургуулиудын Холбооны бүх гишүүдийн ээлжит хурал Хобби хувийн сургуулийн байранд зохион байгуулагдлаа. Хуралд хот, орон нутгийн 95 орчим сургуулийн удирдлагууд оролцож, боловсролын салбарын бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг төрийн бодлого тодорхойлогчидтой хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, С.Цэнгүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын зөвлөх Г.Отгонтуяа, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар оролцож, салбарын бодлогын чиг хандлага, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, сургуулиудын санал, байр суурийг сонслоо.
Хурлын үеэр төрийн бус өмчийн сургуулиуд дараах асуудлыг хөндлөө. Төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй сурагчдад хувьсах зардал олгодоггүй нь боловсролын тэгш хүртээмжийн зарчимд нийцэхгүй байна. Хувийн сургуульд суралцагчдыг үдийн хоол, “Сүүн дархлаа” зэрэг төрийн дэмжлэгт хамруулдаггүй нь хүүхдийн хөгжлийг дэмжих бодлоготой зөрчилдөж байна. Төрийн төсөл, хөтөлбөрүүдээс эдгээр сургуулийн сурагчдыг хасах зохицуулалт нь алагчаалал үүсгэж байна.
Нийслэл, орон нутгийн сургуулиудын удирдлагууд өмчийн хэлбэр харгалзахгүй боловсролын байгууллагыг тэгш дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолж, дараах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийх саналыг дэвшүүлэв. Үүнд хувьсах зардлын шинэчлэл, хүүхдийн тэгш эрх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, хувийн сургуулиудыг санхүүгийн дэмжлэгт хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын орчныг сайжруулах, хүүхдийн боловсролын хамтын хариуцлагын ойлголтыг дэмжих зэрэг багтаж байна.
Эдгээр санал нь багшийн хөдөлмөрийг үнэлэх, хүүхдийн тэгш эрхийг хангах, боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэжээ.
Монголын Хувийн Сургуулиудын Холбоо цаашид гишүүн сургуулиудын оролцоонд тулгуурлан салбарын дуу хоолойг нэгтгэх, бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, төр–хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
