E-Mongolia системээр зөрчлийн торгуулийг цахимаар шалгаж, төлөх боломж нээгдлээ

2026-02-02 13:011min
20260202-130103-file.jpeg
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн мэдээллийг E-Mongolia системд нэгтгэж, иргэд торгуулиа цахимаар шалгаж, төлөх боломжтой боллоо.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломжтой боллоо. Энэ шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

2026 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой болсон тул иргэд E-Mongolia системд нэвтэрч үйлчилгээний цэс рүү орж, хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өмнөх торгуулиа, “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр 2026 оны нэгдүгээр сарын 10-ны дараах торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой юм.