Богдхан уулын дархан цаазат газраас төмөр хашаанд гэмтсэн бугатай холбоотой мэдэгдэл гаргав

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэн талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Амьтны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулсан үйлдэл гарсан байна.
Тодруулбал, зарим аж ахуйн нэгж, байгууллага стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйгээс зэрлэг амьтан гэмтсэн нь тогтоогджээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгаврын дагуу хамгаалалтын захиргаа хашааг стандартын дагуу засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн ч зарим аж ахуйн нэгж шаардлагыг биелүүлээгүй байна.
“Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” UCS0304B:2025 стандартад үзүүртэй, хурц ирмэгтэй, амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон.
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна.
Цаашид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан байгууллагад хуульд заасан хариуцлага тооцох, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд хатуу арга хэмжээ авахыг мэдэгдлээ.
