Нийслэл хот орчмын сүүний фермерүүдэд үнээ худалдан авах хөнгөлөлттэй зээл олгоно

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ улирлаас бага ангийн сурагчдад сүү уулгаж эхэлсэн бөгөөд хүүхдүүдийн бие бялдар, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжиж, тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэхээр төлөвлөжээ.
Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос, БНХАУ 2005 оноос сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн, ясны сийрэгжилт, Д витамин болон кальцийн дутагдал арилсан гэсэн нийгмийн эрүүл мэндийн судалгаа гарсан байна.
Мөн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд сайжрах хүлээлттэй бөгөөд одоогоор хүүхдүүдийн 90 орчим хувь нь шүдний цооролтой байгаа аж.
Улаанбаатар хот болон Монгол Улсын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сард нийслэл хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ арга хэмжээний үр дүнд ирэх жилээс жилийн дөрвөн улирлын турш дотооддоо үнээний сүүгээ баяжуулж, хүүхдийн эрүүл мэндэд тохирсон боловсруулалттай сүүгээр хангахаар ажиллаж байна.
Нийслэлийн төсвийн 8.9 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж байгаа юм.
