Энэ жил ихэнх нутгаар агаарын температур хүйтэрч, малчдын өвөлжилт хүндрэв

2026-01-30 18:041min
20260130-180402-file.jpeg
Энэ жил ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байж, өвөлжилт хүндрэн малчдын тэжээлийн зардал нэмэгдсэн талаар мэдээлэл гарчээ.

Энэ жил ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байжээ. Энэ нь өвөлжилтийг хүндрүүлж, мал төллөх үеэр эрсдлийг нэмэгдүүлж байна гэж малчид мэдээлж байна. Зарим бүс нутагт өвсний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад хэд дахин өсч, шатахууны зардал нэмэгдсэн нь оторлох, тэжээл татах боломжийг багасгаж, малчдын өр зээлийг нэмэгдүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Л.Пунцагноровын мэдээлснээр, нутгаар цасан бүрхүүл зузаарч, малын бэлчээрт хүрэх боломж хязгаарлагдсан байна. Агаарын температур -35-46 хэм хүрч хүйтэрсэн нь малын тарга тэвээрэгт сөргөөр нөлөөлжээ. Цас ихтэй учир машинаар явахад хүндрэлтэй бөгөөд бог малаа хашаандаа өвсөөр тэжээж байгаа аж.

Увс аймгийн Тэс сумын малчин Ц.Нямбуу хэлэхдээ, сүүлийн үед агаарын температур -47-48 хэм хүрсэн байна. Малчид өглөө 11 цагаас бэлчээрт гаргаж, 16 цагт хурааж байна. Цас ихтэй, хүйтэн удаан үргэлжилсэнээс отор нүүдэл хийх боломжгүй болж, бэлчээрийн даац хэтэрсэн байна. Үхрийн хивэг тэжээл, өвсний үнэ огцом өссөн бөгөөд малчид бог малаасаа мууг үлдээж тэжээж байна. Засаг захиргаанаас тусламж үзүүлээгүй бөгөөд зам гаргах шаардлагатай гэжээ.

Нэг малчин айлын өдөрт зарцуулж буй тэжээлийн төсөвт жишээ татахад, 15 хээлтэй үхэр, 50 хурга ишигтэй айл өдөрт дунджаар долоон боодол өвс, 20 килограмм тэжээл өгч байна. Нэг боодол өвс 14-25 мянган төгрөг, нэг шуудай тэжээл 25-30 мянган төгрөгийн үнэтэй тул өдөрт 120-190 мянган төгрөгийн тэжээлийн зардал гарч байна.

Цасны зузаан, нягтын мэдээллээр 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, хангайн бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, төвийн бүсийн Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, зүүн бүсийн Дорнод, Хэнтий зэрэг аймагт хүйтний эрч чангарсантай холбоотойгоор малчдад хүндрэл үүсчээ.