НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ

2026-01-27 08:311min
20260127-083030-file.jpeg
НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхлэх бөгөөд уг буцаан олголтоор татвар төлөх боломжтой юм.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх юм.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт тогтмол олгодог бөгөөд нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлынхыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард иргэдэд олгодог байна.

Мөн иргэд дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд: авто тээврийн хэрэгслийн албан татвар, галт зэвсгийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, малын тоо толгойн албан татвар, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр орно.