Монгол Улс 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, хуулийн шинэчлэл хийж байна

2026-01-26 20:021min
20260126-200207-file.jpeg
Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах хуулийн төслийг боловсруулан олон нийтэд танилцуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 154 дүгээр тогтоолоор 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан байна. Уг тогтоолын хүрээнд Улсын Их Хурлын даргын 526 дугаар захирамжаар 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

Дэмжих жилийн хүрээнд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн ажилтны тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж байна. Үүний нэг хэсэг болгон “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийн төслийг боловсруулж, D-Parliament болон lawforum.parliament.mn сайт дээр байршуулжээ.

Эрүүл мэндийн салбарын тогтвортой байдал нь зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөс бус, хамгийн түрүүнд хүний нөөцөөс хамаардаг. Гэвч өнөөдөр эмч, сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийн хамгаалалт нэгдсэн бодлогоор зохицуулагдаагүй хэвээр байна.

Ажлын ачаалал их, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн онцлогийг хуульчлаагүйгээс хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, чадварлаг боловсон хүчин салбараас гарах, гадагш шилжих хандлага нэмэгдэж байна. Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид шууд нөлөөлж буй асуудал юм.

Олон улсын жишгээр эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, мэргэжлийн хариуцлага, хамгаалалтыг тусгай хуулиар зохицуулж, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг хангадаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ажилтныг хамгаалах бодлого нь үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын салшгүй хэсэг гэж үздэг.

Иймээс “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль” нь салбарын дотоод асуудал биш, иргэдийн эрүүл мэндийн баталгаа, улсын хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн юм. Хүний нөөцөд суурилсан энэхүү шинэчлэл нь эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой болгож, нийгмийн итгэлийг бэхжүүлэх стратегийн алхам байх ёстой.

Хуулийн төсөлтэй танилцах, санал өгөхийг хүсвэл доорх холбоосуудаар зочлоорой:
https://d.parliament.mn/…/95aab62a-a469-4fe1-87e1…
https://lawforum.parliament.mn/#