“Дулааны цахилгаан станц-4” зуухны гэмтлийг 18 цагийн дотор засварлаж, өнөө орой залгана

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг 18 цагийн дотор засварлаж дуусгасан бөгөөд өнөө орой зуухыг залгах гэж байна.
Тус станцын гагнуурчид болон засварчид +70 градустай хүнд нөхцөлд шуурхай ажилласан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар тэдний хөдөлмөрийг үнэлж, шагнаж урамшуулна гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд хэлэхдээ, өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байгааг онцлон, хөдөлмөрийг нь үнэлэхийн тулд илүү цагийн нэмэгдэл, урамшуулал болон цалин хөлсийг нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр салбарын яамыг дэмжин ажиллахыг амлав.
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК нь Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг бөгөөд найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг юм.
Гэвч нэг зууханд гарсан гэмтэл нь цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх шаардлагыг бий болгосон байна.
15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэгийг хийж, шинэ гагнаагаа шалгасны дараа өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухыг залгахаар ажиллаж байна.
Ерөнхий инженер Д.Болдбаатар гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж тодорхойлж, бэлтгэл нөөцгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй нөхцөлд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Тиймээс шинээр есдүгээр зуух барих шаардлагатай байгаа бөгөөд хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулсан байна.
Есөн зуухтай болсноор цахилгаан эрчим хүчний найдвартай байдал сайжирч, бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм.
Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэрэг олон давуу талтай болно.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгасан байна.
