Х.Номингэрэлийг Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар томиллоо

2026-01-22 14:011min
20260122-140117-file.jpeg
Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэл томилогдсон бөгөөд тэрээр 18 жилийн туршлагатай, төр болон олон улсын байгууллагуудад ажиллаж иржээ.

Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад ирүүлсэн 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Х.Номингэрэлийг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргалаа.

Х.Номингэрэл төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр 18 жилийн туршлагатай ажилласан байна.

Тэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй магистрын зэрэгтэй төгссөн.

Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэн нь Ардчилсан намын үнэт зүйлс, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн тулд нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, судалгаа, нөлөөллийн дэмжлэг үзүүлэх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулах юм.